Холбоо барих

+ 976 77115010

Ажлын цаг

Ажлын өдөр 9:00 - 18:00

Мэдээ, мэдээлэл

“Бэлчээрийн удирдлага, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь бүрэлдэхүүн хэсэг”-ийн 2019-2021 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны товч үр дүн

ХХААХҮЯ-наас хэрэгжүүлж байгаа Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн “Бэлчээрийн удирдлага, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох бүрэлдэхүүн хэсэг”-ийн зөвлөх үйлчилгээг 2019-2021 онд “Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо”, ХАА-н сургалт мэдээлэл, хөгжлийн “Оньсон түлхүүр” төвийн түншлэлийн баг хамтран хийж гүйцэтгэв.

Зөвлөх багаас төслийн зорилтот 6 аймгийн 18 суманд орон нутгийн удирдлага, мэргэжилтнүүд, төслийн сумын зохицуулагчтай хамтран нийгмийн хариуцлага, хамтын оролцооны аргад тулгуурлан бэлчээрийн зөв ашиглалтыг бий болгож, бэлчээр ашиглах эрхийг хангуулах малчдын анхан шатны байгууллагыг бэхжүүлэхэд анхаарч Бэлчээр ашиглагч малчдын бүлгийг зохион байгуулан хөгжүүлэх, чадавхжуулах, бэлчээрийн менежментийг боловсронгуй болгох, малчдын бэлчээр ашиглах уламжлалт эрхийг баталгаажуулах зэрэг үйл ажиллагааг дэмжин ажиллаа.

Төслийн зорилтот 6 аймгийн 18 сумын хэмжээнд Бэлчээрийн газрыг хамтран ашиглаж, үр шимийг нь хүртдэг 4168 малчин өрхүүд нийтлэг ашиг сонирхол, хил зааг, нутаг дэвсгэрийн харьяаллаар нэгдэн 140 “Бэлчээр ашиглагч малчдын бүлэг”–ийн /БАМБ/ зохион байгуулалтыг бий болгон ажиллаж байна.

БАМБ-ийн ашиглаж буй бэлчээрийн хэмжээ, байршил, хил заагийг малчдын оролцоонд тулгуурлан нарийвчлан тодорхойлж зурагласныг багийн Иргэдийн Нийтийн хурлаар хэлэлцүүлэн баталгаажуулав. Мөн БАМБ тус бүр тухайн нутаг дэвсгэрт харьяалагдах гишүүн өрхүүдийг тодорхойлсон бөгөөд бүх гишүүдийн хурлаар ахлагчаа сонгон, дотоод дүрэм, бүлгийн дундын сан бүрдүүлэх, зарцуулах журмыг хэлэлцэн баталлаа.

БАМБ нь бэлчээрийн тогтвортой менежментийг нэвтрүүлэх, бичил санхүүгийн систем бий болгох, малчдыг түүхий эд боловсруулах үйлдвэрүүдтэй холбох, өвөлжилтийн бэлтгэлийг сайжруулах зэрэг институтийн чухал чиг үүргийг гүйцэтгэж байгаа нь Малчдын уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, бэлчээртэй холбоотой эрсдэлүүдэд тэсвэрлэх чадавхийг бэхжүүлэх, амьжиргааг дээшлүүлэхэд чухал нөлөө үзүүлж байна.
Бэлчээр ашиглагч малчдын 140 бүлгийн бэлчээр ашиглалтын 3 жилийн төлөвлөгөөг гишүүн малчдын оролцоотойгоор боловсруулж сумын “Газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөө”-нд гол асуудлыг тусган ИТХ-аар батлуулж хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Бэлчээрийн менежментийн төлөвлөгөө нь үндсэн 6 чиглэлээс бүрдэх ба бэлчээрийг өнжөөх, сэлгэх, худаг сэргээн засварлах, шинээр барих, булгийн эх хашиж хамгаалах, тэжээлийн ургамал тариалах, бэлчээрийн хортон мэрэгчидтэй тэмцэх, хадлан болон бусад тэжээл бэлтгэж хадгалах агуулах барих, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, малчдын дундын мөнгөн хуримтлалын сан бүрдүүлэх зэргээр малчид өөрсдөө байгалийн аливаа эрсдэлийг даван туулах арга боломжийг нэмэгдүүлж байгаа юм.

Бэлчээр ашиглагч малчдын бүлгүүд бэлчээрийн удирдлагын төлөвлөгөөгөө хэрэгжүүлж байна. Төслийн зүгээс БАМБ-ийн бэлчээрийн менежментийн 3 жилийн төлөвлөгөөний хэрэгжилт, зохион байгуулалтын хүрээнд Бэлчээрийн дэд бүтцийг сайжруулах, хортон мэрэгчидтэй тэмцэх, усан хангамжийг сайжруулах чиглэлээр нийт 9 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтыг 6 аймгийн 18 сумын хэмжээнд хийсэн байна. Төслийн зорилтот аймаг сумдын хэмжээнд нийт 149,781.1 га талбайг 6-8 дугаар саруудад малын хөлөөс чөлөөлсөн ба сумын газрын даамал, төслийн зохицуулагч нар хамтран бэлчээрийн фото мониторингийн судалгаа хийж гарсан өөрчлөлтийг жил бүр тодорхойлж байна.
БАМБ-ийн зохион байгуулалтыг бэхжүүлэх, байгалийн нөөцийг зүй зохистой ашиглах, хамгаалах, бэлчээрийн менежментийг хамтын удирдлагаар хэрэгжүүлэх, хариуцлагын тогтолцоог бий болгох нөхцөлийг бүрдүүлэх үүднээс БАМБ-д бэлчээр ашиглуулах гэрээ байгуулах санал санаачилгыг дэмжин ажиллаа.
Төслийн нийт 18 сумын 140 БАМБ-аас 2021 оны байдлаар 80% буюу 112 нь 5.5 сая га бэлчээрийг тодорхой нөхцөл, болзлын дагуу ашиглахаар сумын Засаг даргатай гэрээ байгуулаад байна. БАМБ-үүд сумын Засаг даргатай бэлчээр ашиглалтын гэрээ байгуулснаар малын тоо толгойг бэлчээрийн даацад нь тохируулах, урт удаан хугацаанд тогтвортой, зүй зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх үүргийг хүлээхээс гадна хэдэн үеэрээ бэлчээрээ хамтран ашиглаж ирсэн малчдын уламжлалт эрхийг тодорхой хэмжээнд баталгаажуулж байгаа юм.
Гэрээ байгуулсан БАМБ-ээс 73 буюу 65 хувь нь газрын кадастрын мэдээллийн сангийн Ланд менежер системд бүртгэжээ.

БАМБ нь сумын Засаг даргатай бэлчээр ашиглалтын гэрээ байгуулснаар бэлчээрийн харилцаанд оролцогч талуудын үүрэг, хариуцлага тодорхой болж бэлчээрийн эмх замбараагүй ашиглалтыг хязгаарлах, хариуцлагажуулах нөхцөл бүрдэж, малын гаралтай бүтээгдэхүүний үнэлэмжийг нэмэгдүүлж улмаар малчин өрхийн орлого нэмэгдэх боломж бүрдэж байна.
Төслийн 6 аймгийн 18 сумын хэмжээнд , онлайн болон танхимын сургалтуудыг төслийн ажилтан нар, бэлчээрийн менежментийн сумын ажлын хэсэг, малчид гэсэн 3 түвшинд 2019-2021 онд зохион байгуулж сургалтын материал, гарын авлагаар хангаж ажиллалаа.

Хамтран ажиллах санаачилгыг дэмжих, байгалийн бэрхшээлийг даван туулах чадвахыг бэхжүүлэх зорилгоор 140 БАМБ-ын хэмжээнд дундын мөнгөн хуримтлалын сан бүрдүүлэх ажлыг зохион байгуулсан. Нийт 6 сумын 42 БАМБ-ын 960 өрх 58.7 сая төгрөгийн дундын санг 2021 оны 11 сарын байдлаар бүрдүүлсэн байна. Дундын санд малчид нийт 28,05 сая төгрөгийн хуримтлал бүрдүүлсэн бол өөр бусад эх үүсвэрээс 23.95 сая төгрөгийн хөрөнгийг төвлөрүүлжээ.
Зөвлөх баг сумын түвшинд БАМБ-ийн үйл ажиллагааг дэмжих, уялдаа холбоог хангах, тэдний нийтлэг ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий малчдын иргэний нийгмийн байгууллагыг бий болгох, хөгжүүлэх мэргэжил арга зүйгээр хангах чиглэлээр гарсан тодорхой санал, санаачилгыг дэмжин ажиллав. Энэ ажлын үр дүнд 2021 оны байдлаар 18 сум бэлчээр ашиглагчдын холбоо ТББ-тай болж зөвлөх багийн зүгээс хамтран ажиллаж байна. СБАХ байгуулагдаж үйл ажиллагааг эхлүүлснээр БАМБ-ийн үйл ажиллагаанд дараах үр дүн, эерэг хандлагууд бий болж байна.

Бусад мэдээ

Цахим хичээл

Гарын авлага