Төсөл хэрэгжиж буй 6 аймгийн 18 сумын хэмжээнд 2019 онд бэлчээрийг хамтран ашиглаж, үр шимийг нь хүртдэг малчин өрхүүд нийтлэг ашиг сонирхол, хил зааг, нутаг дэвсгэрийн харьяаллаар нэгдэн 4168 малчин өрхийг хамарсан нийт 140 “Бэлчээр ашиглагч малчдын бүлэг” (БАМБ) бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд шинээр байгуулагдсан. Нэг БАМБ-т дунджаар 30-40 өрх байгаа бөгөөд 40-50 мянган га бэлчээрийг хамтран ашиглаж байна.
Бэлчээр ашиглагч малдчын бүлгийг чадавхижуулах, арга зүйгээр ханган, цаашид тогтвортой үйл ажиллагаа явуулах үйл ажиллагааг дэмжихээр төлөвлөгдсөн 2022 оны Баруун бүс (Архангай, Өвөрхангай, Дундговь)-ийн зөвлөгөөнийг Архангай аймгийн Цэцэрлэг хотод 03 дугаар сарын 30-ны өдөр зохион байгууллаа.
Зөвлөгөөнд Дундговь, Өвөрхангай, Архангай аймгийн Засаг дарга, орлогч дарга, ХХААГ-н дарга нар, сумдын засаг дарга нар, ХАА-н тасгийн мэргэжилтэнүүд, газрын даамлууд, аймаг сумдын төслийн ажилтан, төслийн хүрээнд байгуулагдсан БАМБ-үүдийн ахлагч, гишүүд нийт 120 гаруй төлөөлөл оролцож БАМБ-ийн үйл ажиллагааг идэвхижүүлэх, цаашид төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг уялдуулах, төслийн хүрээнд хийгдсэн хөрөнгө оруулалтын үр шимийн хүртээмжийг нэмэгдүүлэх, бүлгүүдээс байгуулагдсан ТББ-н дансанд дундын сангийн мөнгийг төвлөрүүлэх, малчдад тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдэх, малын хөлийн татварын зарцуулалтанд малчдын оролцоог хангах, бэлчээрийн ашиглалтыг зохистой болгож бэлчээрийг хамгаалах зэрэг асуудлыг хэлэлцлээ.