Дундговь аймгийн Мандалговь хотноо орон нутгийн иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг борлуулах, зах зээлтэй холбох “Дундговьд үйлдвэрлэв” төвийн нээлтийг 3 дугаар сарын 6-нд хийлээ.
Тус төвийг Зах зээл бэлчээрийн удирдлага төсөл болон Орон нутгийн сангийн хамтарсан нийт 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад хүлээлгэн өгсөн юм.
Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат төвийн нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Дундговь аймгийн баялаг бүтээгчид болох жижиг дунд үйлдвэрлэгчид, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, идэвхжүүлэх, сурталчлах, тэдний үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг шимтгэлгүйгээр борлуулах боломжийг олгож байгаа бөгөөд цаашид аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхааран жуулчдад зориулсан онцлог бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн борлуулах, өрхийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ” хэмээн онцолсон юм.
Тус төвийн нээлтийн үзэсгэлэнд 7 сумын 55 өрх арьсан урлал, ноос ноолуур, сүү, цагаан идээ, модон болон төмөр хийц, уран зураг, хатгамал зэрэг 10 гаруй нэр төрлийн 100,0 гаруй сая төгрөгийн бараа бүтээгдэхүүнээ тавьж, үйл ажиллагаагаа сурталчилан гурван сая гаруй төгрөгийн борлуулалт хийжээ.